Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байгааг олж харсан

Эсгийгээ өөрөө боловсруулж таавчиг, бойтог, жижиг бэлэг дурсгалын зүйлс хийдэг

Өлзийхишиг нь махны технологич мэргэжилтэй, “Мах импекс” компанид 21 жил ажиллаж байгаад 2002 онд групп-д гарсан. Дээрх ажил нь үнэндээ эмэгтэй хүнд ахадсан, хэцүү ажил байлаа. 2002 оноос эхлэн тэрээр бие даан бизнес эрхлэхээр шийдэж, гэрээрээ зөөлөн оёдол хийж эхэлсэн бөгөөд ихэвчлэн футболк, иртүүз, майк хийж байгаад 2004 оноос эсгий эдлэл хийж эхэлсэн байна. Гэвч тэрээр төдийлөн борлуулалт хийж чаддаггүй байсан учир энэ тал дээр санаа зовнин, боломжуудыг эрэлхийлэх болжээ. Харин тэр үед тэрээр ГЭР Санаачлага төслийн сонинг олж хараад, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмждэг болохыг нь мэдэж, Толгойт дахь салбарт очиж уулзсан байна. Эндээс л тэрээр бизнесээ өргөжүүлж сайжруулах олон боломжууд байгааг олж мэдсэн аж.

Анх ГЭР Санаачлага төслөөс зохион байгуулсан гар урлалын үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцож, бүтээгдэхүүнээ захиалагчид хэрхэн танилцуулах, онцлог талыг нь хэрхэн сурталчлах талаар сургалт, зөвлөгөө авч, ижил төрлийн бизнес эрхлэгчдээсээ суралцан, хамран ажиллах боломжийг олж харсан байна. Мөн оюуны өмчийн газрын мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө авсны дагуу энэ бизнесээ цааш нь өргөжүүлээд явах урам зоригийг өгсөн. Бага охин Мөнхжаргал нь хувцас загварын дизайн чиглэлээр коллежид сураад эсгий пальто хийж борлуулж эхэлсэн нь ч мөн түүнд илүү ихийг хийж бүтээх урам зориг өгсөн байна.
Ийнхүү тэрээр гэр бүлийн бизнесийн хүрээ болон борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, Оросын буриад, хувь хүмүүсийн захиалгаар бүтээгдэхүүн хийхээс гадна Дундговь, Өмнөговь аймгуудад найз нөхдөөрөө дамжуулан ил захидал, эсгий таавчиг захиалгаар хийж нийлүүлээд 2 жил гаруй болж байгаа. Эсгийгээ өөрөө боловсруулж таавчиг, бойтог, жижиг бэлэг дурсгалын зүйлс хийж үйлдвэрлэж байгаа аж. Мөн бизнесээ өргөжүүлэх зорилгоор зээлийн зуучлалын үйлчилгээнд хамрагдаж зээл авснаар эргэлтийн хөрөнгө нь ч нэмэгджээ.
Одоо тэрээр бизнесээ улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө шинийг санаачлан, илүү их идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Фото зургийн тайлбар:
Өлзийхишиг бизнесийн байран дээрээ  

Харилцагчийн хэлсэн үг:
“ГЭР Санаачлага төслөөс зохион явуулдаг удаа дараагийн үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцож, шинэ шинэ хэрэглэгч захиалагч олж, харилцаа тогтоож байна. Мөн 3-4 бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд өгдөг барааны чанар, өнгө үзэмжээ сайжруулан, нэр төрлөө олшруулах замаар маркетингийн болон бизнесээ амжилттай авч явах мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж байна. Үүний үр дүнд борлуулалтын улирлын нөлөөлөл багасч жилийн аль ч улиралд боломжийн ашиг орлоготой ажиллах боломж бүрдэж байгаад баяртай байдаг”