Төсөлтэй хамтарч ажилласны үр дүнд бизнес маань хөл дээрээ тогтож, хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй болж чадсан
Зөвхөн зээл авснаар бизнес амжилттай явна гэж байхгүй, тэр зээлийг ашиглах хүний бизнесийн мэдлэг, ур чадвар хамгийн чухал
2004 оны 4-р сард ГЭР Санаачлага төслийн УБ хотын Толгойт дахь салбар байгуулагдаад удаагүй байв. Бизнесийн зөвлөхүүд төслийн үйл ажиллагаагаа сурталчлахдаа гадуур явж бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзаж, зар наах, тараах зэрэг олон арга хэлбэрээр ажиллаж байсан цаг саяхан.
Төслийн зөвлөхүүд мөн л энэ ажлаараа явж байгаад шинэ бизнес эхлэхээр зэхэж байгаа нэгэн хүнтэй тааралдан, түүнд төслийн үйл ажиллагаа танилцуулжээ.
Тэр үед энэ түүхийн маань эзэн бүсгүй Р.Цэцэгмаа зах дээр лангуу түрээслэн махны худалдаа хийдэг байсан бөгөөд уг бизнесийнхээ ашгаар шинэ хүнсний дэлгүүр барьж дуусгаад ашиглалтанд оруулахад бэлэн болсон байлаа. Төслийн үйл ажиллагаагаа танилцуулж буй зөвлөхүүд түүнд хандан “Манай төсөл та бүхэнд бизнесийн сургалт, зөвлөгөө болон зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлнэ” хэмээн хэлэхэд тэрээр дотроо “Яасан бэлэггүй амтай хүн бэ? Шинэ дэлгүүрээ дөнгөж нээх гэж байхад зээл яриад” хэмээн бодож байснаа сүүлд нь ярьж байсан юм.
Удалгүй тэрээр дэлгүүрээ ч нээн, өөрт байгаа бүх мөнгөөрөө бараа татан авлаа. Том талбайтай, лангуу ихтэй шинэхэн дэлгүүрт авчирсан бараа нь нийт лангууных нь талыг ч дүүргэж чадахгүй байв. Дэлгүүрээ барихад их мөнгө зарцуулснаас болж эргэлтийн хөрөнгө нь дутагдаж, мөнгө үнэхээр зээлэх шаардлагатай болсныг өөрийн эрхгүй ойлгов. Гэнэт нөгөө ГЭР Санаачлага төсөл санаанд нь оржээ.
Үнэндээ түүний хамгийн их айдаг зүйл бол “Зээл” байв. ГЭР Санаачлага төслийнхөн дээр очих уу, байх уу гэж нэлээн бодсоны эцэст очиж уулзахаар шийджээ. “Энэ шийдвэр ямар зөв байсныг, миний амьдралд ямар их нөлөө үзүүлснийг өнөөдрийн өнцгөөс эргэн харахад гайхалтай” хэмээн тэр өгүүлж сууна.
Ингээд тэр төслийн салбарт анх очиход тосож уулзсан бизнес зөвлөх залуу уриалгахнаар түүний бизнесийн талаар дэлгэрэнгүй асууж ярилцсаны эцэст зээл авч эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлснээр ашгаа тэдэн хувиар нэмэгдүүлэх боломж байна гэх мэтээр түүний өмнө нь анзаарч тооцоолж байгаагүй нарийн тооцоог хийж, зөвлөгөө өгчээ. Ийнхүү бизнес зөвлөхийн боломж, нөөц их байна гэж хэлсэн нь түүнд дэлгүүрээ ашигтай ажиллуулж чадах юм байна гэсэн итгэлийг төрүүлж, маш их урам зориг оржээ. Ингээд тэрээр төслөөс ахин зээлийн зөвлөгөө, мэдээлэл аван банкинд зуучлуулж анхны зээлээ авсан байна.
Ингээд тэр 3 жилийн хугацаанд нийтдээ 3 удаа зээл авсан байна. Анх 1 жилийн хугацаатай 3 сая төгрөгийн зээл авсан бөгөөд энэ зээлийн үр дүнд эргэлтийн хөрөнгө нь нэмэгдэж, бизнест нь маш сайн нөлөө үзүүлжээ. Ингээд бизнес нь эрс сайжирсанд улам их зориг орж, өмнө авсан зээлийнхээ хэмжээг 1 саяар нэмэгдүүлэн дахин 4 сая төгрөгийн зээл авсан байна. Үүний дараа бизнес нь улам их өргөжсөн ба энэ зээлээ ч урьдны адил 1 жилийн хугацаанд үлдэгдэлгүй төлж дуусгажээ.
Энэ хоорондоо тэрээр мөн ГЭР Санаачлагын олон төрлийн сургалтанд хамрагдсанаар бизнесийн мэдлэг, ур чадвараа давхар дээшлүүлж байлаа. Үүний үр дүнд бизнесээ хөгжүүлэх олон шинэ санаанууд түүнд орж ирсэн аж. Тиймээс 5 сая төгрөгийн 3 дахь удаагийнхаа зээлийг авсан байна. Ингээд урьд нь түүний толгойд байсан “Өр зээлтэй хүн өөдөлдөггүй” гэдэг үзэл ор мөргүй арилж, ажил амьдралынхаа төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж байгаа хүнд зөв ашиглаж чадвал зээл тун хэрэгтэй юм байна гэдгийг тэр маш сайн ойлгожээ.
Тэрээр “ГЭР Санаачлага төсөл зөвхөн зээлд зуучлаад орхидоггүй, тухайн хүнийг чадваржуулах тал дээр маш их анхаардаг нь их зөв үйлчилгээ болдог. ГЭР Санаачлага төслийн сургалтанд суухаас өмнө “орж, гарч л байдаг мөнгө” гэж боддог байсан бодлоо би ор мөргүй орхиж, өдөр бүрийн олсон орлого, гарсан зардлаа дэлгэрэнгүй зөв бүртгэдэг болсноор санхүүгийн тооцоогоо маш нарийн хийж, бизнесээ эмх цэгцтэй зөв удирддаг болсон. Өдий хэмжээний үр дүнд хүрэхэд бүртгэл хөтлөлт, харилцагчийн үйлчилгээ, хэрэглээ ба хуримтлал гэх мэт олон төрлийн сургалтанд сууж өөрийн мэдлэгээ дээшлүүлсэн минь их хэрэг болсон. Эдгээр сургалтууд нь бизнес хийж байгаа хүмүүст ус агаар шиг хэрэгтэй байдаг. Бүртгэл хөтлөлтийн дэвтрийг би одоо ч байнга хэрэглэн, орлого зарлагаа тооцож явдаг даа” хэмээн сэтгэл хангалуун өгүүлж суусан юм.
Фото зургийн тайлбар:
Р.Цэцэгмаа ажлын байран дээр
Харилцагчийн хэлсэн үг:
“ГЭР Санаачлага төсөл надад зөвхөн зээл авахад туслаагүй, явуулж байгаа танилцуулга, үйлчилгээнүүд нь гэр хорооллын оршин суугчдад маш ойрхон байдаг. Тиймээс би сүүлдээ ахтай хүн ахдаа, эгчтэй хүн эгчдээ итгэдэг шиг бизнесийн тал дээр ГЭР Санаачлагын зөвлөгөө, мэдээлэлд маш их итгэдэг болсон. Анх зуучлуулсан 3 сая төгрөгний зээл маань намайг ГЭР Санаачлагатай хамтран ажиллаж, амьдралаа өөрчлөх том үүд хаалгыг нээж өгсөн. Бизнес маань өргөжин сайжирснаар манай хүүхдүүд биеэ дааж амьдрах боломжтой болсон. Нэг хүү маань машины наймаа хийж, хоёр хүүхэд гадаад явлаа. Энэ бүгд ГЭР Санаачлага төсөлтэй хамтран ажилласантай шууд холбоотой”.