Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

ЖДБ-г чадавхижуулах, уул уурхайн хангамжийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл

Хагжлийн шийдэл ТББ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ-Монгол хөтөлбөр, Энержи ресурс ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Жижиг дунд бизнесийг чадавхижуулах, уул уурхайн хангамжийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдад амжилттай хэрэгжүүлж дууслаа.

 

Энэхүү төслийн зорилго нь Өмнөговь аймгийн жижиг дунд бизнесүүдийг чадавхижуулах, орон нутгийн уул уурхайн компаниудын хэрэгцээг хангахуйц чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, хөгжүүлэх, бизнесүүдийг уул уурхайн компаниуд болон орон нутгийн зах зээлтэй холбон өгөхөд оршиж байлаа. Энэхүү төсөлд бизнесээ өргөжүүлэн сайжруулах хүсэл эрмэлзэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 23, Цогтцэций сумын 19, Баян-Овоо сумын 2 бизнес эрхлэгчид хамрагдав. Төсөлд хамрагдсан иргэд Чанарын удирдлага, Маркетинг, Бизнесийн бүлэг холбоо зэрэг бизнесийн удирдлагын сургалтад хамрагдаж өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудалд бизнесийн зөвлөх үйлчилгээ авлаа.  

Уг төсөлд нийт 63 бизнес эрхлэгч хамрагдснаас 16 бизнес өргөжин сайжирч, 1 хүн шинээр бизнес эрхэлж, нийт 39 ажлын байрыг шинээр бий болгосон үр дүн гарчээ. Мөн бизнес эрхлэгчид хоорондоо хамтран 2 бүлэг холбоог үүсгэн байгуулж өөрсдийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниудад нийлүүлэхээр болсон байна. 

Төслийн хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд, Энержи ресурс ХХК-ийн мэргэжилтнүүдэд танилцуулж амталгаат худалдаа явуулллаа.  

 

Төслийн үр дүнд нийтдээ 5 харилцагч Энержи Ресурс ХХК-тай холбоо тогтоон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлээд байна. Мөн төслийн хүрээнд ур чадварын сургалт авсны үр дүнд Цогтцэций сумын талх нарийн боов үйлдвэрлэгч 1 харилцагч 3 шинэ нэр төрлийн нарийн боовыг үйлдвэрлэн сумын зах зээлд нийлүүлээд байна. Даланзадгад суманд 20 гишүүнтэй оёдлын нэгдэл, 4 гишүүнтэй сүү үйлдвэрлэгч харилцагчдын бүлэг байгуулагдсан ба сүү, тараг, зөөхий, ингэний хоормог зэрэг сүү сүүн бүтээгдэхүүн, мөн ажлын хувцасны загвар зэргийг Энержи ресурс ХХК-д танилцуулаад байна.

Сосиск, ингэний хоормог, төрөл бүрийн ажлын хувцас үйлдвэрлэгч харилцагчид өөрийн ажлын байрыг засаж тохижуулан бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниас тавьж буй шаардлага, стандартын дагуу өөрчлөн хөгжүүлж эхэлсэн бөгөөд Энержи Ресурс ХХК-иас холбогдох мэргэжилтнүүд ирж бизнесийн үйл ажиллагаатай танилцлаа.