“Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол Хөтөлбөр”-ийн шагналыг хүртлээ
Бид уул уурхайн бүс нутгийн бизнес эдийн засгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Энержи Ресурс компаний хамтарсан санхүүжилтээр “Бичил жижиг бизнесийг хөгжүүлье” төслийг анх 2010 онд Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн. Энэхүү үйл ажиллагаа нь уул уурхайн хөгжлийн гараагаа эхэлж байгаа манай улсын хувьд орон нутгийн бизнес хөгжлийг дэмжсэн анхны хөтөлбөр байсан төдийгүй багагүй үр дүнтэй амжилттай болсон учир уул уурхайн компаниудын сонирхолыг ихээхэн татсан юм. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Зах Зээлийг Хөгжүүлэх Хөтөлбөр болон Энержи Ресурс компани нь 2010 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнтэй болсон тул дараагийн шатны төслийг мөн уурхайн бүс нутагт хэрэгжүүлэх саналыг тавьснаар 2011 онд “Жижиг дунд бизнесийг чадавхижуулах, уул уурхайн ханган нийлүүлэлт”-ийн төслийг хэрэгжүүлсэн билээ.
Төслийн үр дүнд Өмнөговь аймгийн 105 иргэнийг төсөлд хамруулан, 12 бизнес шинээр үүсэж, 39 бизнес өргөжин сайжиран, 71 ажлын байр бий болж, 6 бизнес Энержи ресурс ХХК-тай холбоо тогтоон бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, 13 харилцагч санхүүгийн их үүсвэртэй болсон. Даланзадгад суманд 20 гишүүнтэй оёдлын нэгдэл, 4 гишүүнтэй сүү үйлдвэрлэгч харилцагчдын бүлэг байгуулагдан сүү, тараг, зөөхий, ингэний хоормог, сүү сүүн бүтээгдэхүүн, мөн ажлын хувцасны загвар зэргийг Энержи ресурс ХХК-д танилцуулан хамтран ажиллах санал тавиад байна.
Хөгжлийн Шийдэл ТББ-ын уул уурхайн бүс нутагт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн Европын Сэргээн Босголтын банкны Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол Хөтөлбөрийг төлөөлөн Захирал Ц.Оюунжаргал сертификат үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Бид шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр бизнес хөгжлийг дэмжигч байгууллага байна гэдэгт итгэл дүүрэн байна.